top of page
EXA-4604.jpg

МЭНДЧИЛГЭЭ

Хүүхдийн дуу цангинаж, инээд хөөр бялхсан Шинийг бүтээгчдийн Сэлбэ сургуулийн хичээлийн нэгэн шинэ жил эхэллээ.

 

Техник технологийн үсрэнгүй хөгжил, 21-р зууны иргэдийн амьдрах, ажиллахад шаардагдах ур чадвар гээд цагаас цагт хувьсан өөрчлөгдөж буй өнөө цагт шинийг бүтээх сэдэл, дадалтай иргэдийг хүмүүншүүлэн төлөвшүүлэхийн тулд өнөөгийн боловсролын байгууллага, сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчид ч тасралтгүй суралцах шаардлага гарч ирж байна.

 

Сурах зорилгоо эрхэм болгон шамдан суралцах тэмүүлэл дүүрэн сурагч хүүхдүүд, сургах үйлээ зорилгоо болгон эрдэм оюунаа шавь нартаа бүрэн зориулан ажиллах эрдэмтэн багш нар, ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийн сургууль багшид итгэл хүлээлгэн хамтран ажиллах хүүхдээ дэмжин тэтгэх эцэг эх, асран хамгаалагч гэсэн 3 талын хамтын ажиллагаа, тасралтгүй холбоогоор сургалт хэмээх үйл явц амжилттай үргэлжилдэг билээ.

 

Нийгэм, цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үзэл санааны, оюун ухааны, үүрэг хариуцлагын, технологийн, ур чадварын, менежментийн, соёлын шинэчлэлийг бүх салбарт хийж буй энэ мөчид манай хамт олон дээрх тасралтгүй үргэлжлэх үйл явцуудыг амжилттай хэрэгжүүлж үйл ажиллагаа болон сургалтын технологидоо шинэлэг аргуудыг нэвтрүүлсээр байна.

 

Бид үйлийн, оюун санааны, сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлэх менежмент бүхий үйл ажиллагааг төлөвлөн үе шаттай хэрэгжүүлж чанартай боловсролыг хос хөтөлбөрөөр олгож, хүүхэд бүрийн аз жаргалтай суралцах боломж, сонголтыг бий болгон бүтээлч, шинэлэг, хариуцлагатай суралцагчдыг бэлдэн гаргахын төлөө хоёргүй сэтгэлээр чармайн ажиллах болно.

 

Шинийг бүтээгчдийн Сэлбэ сургуулийн нийт багш ажилтнууд, хүүхэд багачууд, тэдний ар гэрийнхэнд 2022-2023 оны хичээлийн жилийн мэнд хүргэе!

 

Эрдмийн аян нь өлзийтэй байг.

bottom of page